Mongoliin digital erin?

Монголын дижитал эрин?

Монгол улс, Улаанбаатар хот– Өнгөрсөн жил Нью-Йорк Таймс сэтгүүлийн 2013 оны 9 сарын 13-ны дугаарын “Улаанбаатарын содон жаал” хэмээх гарчиг бүхий Монгол хүүгийн тухай мэдээллийг сонингийн нүүр хуудаснаас хараад би үнэхээр бахархан гайхсан. Тэрээр 13 настайдаа Монголд автомашинаас эгчийгээ хамгаалах машины мэдрэгч систем зохион бүтээсэн гэнэ. 15 настайдаа дэлхий даяар 150,000 оюутанд санал болгосон MIT (Массачусетсийн технологийн дээд сургууль)-ийн онлайн/интернет хичээлд төгс оноог авсан.

Би түүнийг өнгөрсөн жил MIT-д сурч байх үед нь мэддэг болсон. Хэрвээ манай улс технологийн дэвшил, инновацийн чиглэлээр залуучуудад дэмжлэг үзүүлж чадвал бид байгалийн нөөц, уул уурхайн салбараас хамааралтай байдлаа өөрчилж түүнийг хүний нөөцийн хөгжил, үйлчилгээгээр өргөжүүлэх өргөн боломжтой гэдгийг би уг уулзалтаас ойлгосон. Монгол хүүхдүүдийн чадавхи, нөөц бололцоо өндөр боловч тэдэнд амжилт гаргах орчин байх ёстой.

Бизнесийн сургуульд байхдаа, АНУ болон хөгжиж буй орнууд дахь технологийн салбарын талаар би илүү судалж эхэлсэн. Гэхдээ эх орондоо туслах арга замуудын талаар бодоход намайг миний сурсан зүйлс биш, харин үзэж харсан зүйлс хүргэсэн.

Бостонд байх үедээ, би “Mass Challenge” буюу “Массачүсетсийн Сорилт” хэмээх ашгийн бус байгууллагын зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож байсан. Миний очсон газар үндсэндээ урт ширээ, сандлууд болон ажиллах талбай бүхий агуулах шиг л байсан. Тэдний зорилго энгийн – үйл ажиллагаагаа эхэлж буй компаниудын өрсөлдөх чадавхийг бүрэлдүүлэн салбар бүрийн хамгийн ирээдүйтэй нэгийг нь сонгож, үйл ажиллагааг нь дараагийн шатны түвшинд гаргах шаардлагатай нөөцөөр хангахад оршдог.

Оффисын байр, зөвлөх үйлчилгээгээр тэднийг хангаснаар хамгийн сайн компаниуд нь амжилт гаргах боломжтой болдог. Дэлхий дахинаа шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй олон орнууд (тухайлбал, Африкийн зарим орнууд) нь нийгэм эдийн засгийн зарим асуудлаа технологийн инновацийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Чингэхэд, эрчим хүчний тасалдал гэх мэт орон нутгийн асуудлаа шийдвэрлэсэн нь тус нэмэр болсон байна.

Эндээс харахад, Монголд технологийн инкубатор байгуулах нь ихээхэн ач тустай бөгөөд би энэхүү санаачлагад гар бие оролцоно гэж найдаж байгаа. Бидний хувьд технологийн салбарын эхний үе шатанд орж буй учраас бэрхшээл тулгарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ олон нийтийн дэмжлэгт тулгуурлан бид бэрхшээлийг даван туулж зорьсноо биелүүлж чадна гэдэгт итгэдэг.

Монголын дижитал эрин гэхээр гадаадынхан гайхаж болзошгүй. Нүүдэлчин удамтай, өнөөг хүртэл хязгаарлагдмал зах зээлтэй явж ирсэн учраас тэр л дээ. Одоогоор Монгол улсын ДНБ 10 тэрбум ам.доллараас яльгүй илүү. Гэтэл өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Uber, Whats App, Dropbox болон Palantir зэрэг технологийн компаниуд бүгд тус бүрдээ 10 тэрбум ам.доллараас илүү хэмжээгээр үнэлэгдсэн. Энэ өнцгөөс бодоод үзэхэд хэрвээ нэг Монгол хүү амжилт гаргах нэгэн шинэ компаниийг энэ салбарт байгуулж чадвал тэрээр улсын ДНБ-ийг 2 дахин өсгөх боломж байгааг үгүйсгэхгүй.

Мэдээж энэ нь амаргүй. Гэвч зөв эхэлвэл бид энд туслаж чадах хүмүүсийн анхаарлыг татах бололцоотой. Сүүлийн хэдэн жилийн дотор Монгол улс нь үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл болон нүүдэлчин өв уламжлалараа аялал жуулчлалын орон болсон юм. Дэлхийд тэргүүлэгч инженер, зохион бүтээгчид болон эрдэмтэн профессорууд Монгол улсад айлчлахдаа, ирээдүйн хамтын ажиллагаанд хөтлөх технологийн боломжуудыг олж бас харцгаадаг.

Тиймээс, бид ирээдүйд төрөлжсөн эдийн засгийг бий болгоё гэж бодвол, дотоодын эдийн засагт том дэмжлэг болох дотооддоо үйлдвэрлэсэн технологийг бий болгох шаардлагатай ба үүнийг хэрэгжүүлэх нь тийм ч хэтийн бөгөөд холын асуудал биш юм гэж бодогдож байна.

Views 2695
Likes 12